Жил бүрийн 10 дугаар сарын 04-ний өдрийг Дэлхийн амьтдыг хамгаалах өдөр болгон олон улс тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр нь амьтдыг хамгаалах, тэдгээрийн амьдрах орчныг зүй зохистой ашиглах, хүн ба байгалийн харилцаанд хариуцлагатай хандахын ач холбогдлыг олон нийтэд таниулах өдөр юм.
Монгол орны байгальд оршин буй амьтан бүр экосистемийн тодорхой нэг хэсэг бөгөөд тэдгээрийн амьдрах орчин, тоо толгой, тархацад хүний үйл ажиллагаа шууд болон шууд бусаар нөлөөлдөг. Иймд зэрлэг амьтныг зөвшөөрөлгүй барих, агнах, зүй бусаар ашиглах болон амьдрах орчныг нь доройтуулах аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэх нь байгаль хамгааллын чухал хэсэг юм.
Монгол Улсын "Ховор амьтны жагсаалт"-д багтдаг “голын хавч” буюу Cambaroides dauricus нь цэвэр, тунгалаг, хүчилтөрөгчөөр баялаг, хүйтэн ус бүхий голд амьдардаг бөгөөд Монгол орны Онон, Балж, Эгийн голын зарим хэсэгт хязгаарлагдмал тархацтай ховор зүйл юм. Бие гүйцсэн эр нь ойролцоогоор 7.5–9 сантиметр, эм нь 5.5–6.5 сантиметр урттай байдаг бөгөөд өсөлт хөгжил нь удаан. Усны бохирдол, амьдрах болон үржих орчныг хөндөх, хууль бусаар барих зэрэг нь тоо толгойг нь цөөрөхөд нөлөөлдөг. Иймээс голын хавчийг хамгаална гэдэг зөвхөн нэгэн жижиг амьтныг хамгаалах тухай биш, түүний амьдрах цэвэр ус, гол мөрөн, усны экосистемийг хамгаалах тухай асуудал юм.
Улсын Ерөнхий Прокурорын Газар