ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

A- A A+
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Нийслэлийн хэмжээнд энэ оны 8 сарын байдлаар Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил  5043  бүртгэгдсэнээс 87 буюу 1.7 хувь нь Багануур дүүрэгт гарсан байна. Тус дүүрэгт бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн 35 хувьд нь хүүхэд хохирсон, ялангуяа бие махбодид нь халдсан, үл хайхарсан, дэргэд нь архидан согтуурсан зөрчил байгаа бөгөөд гаралт нь өмнөх оны мөн үеэс 1.8 хувиар өсжээ.

Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчилд 23, танхайрах, хүний биед халдах, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчилд тус бүр нэг хүүхэд холбогдож, хуулийн хариуцлага хүлээсэн байна.

Багануур дүүргийн прокурорын газраас дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийж, хүүхдийн эрхийн зөрчлийн гаралтыг бууруулах, тэдний эрхийг хамгаалах зорилгоор дүүргийн Цагдаа болон Боловсрол, Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын хэлтэс, Ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран “Хүүхдийн эрхийг хамгаалахад төрийн байгууллагын оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. 

Тус уулзалтаар дүүргийн хэмжээнд гарсан хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн гаралт, хүүхэд гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаа шалтгаан нөхцөл, хүүхэд хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний чанар, үр дүнг хэлэлцэж солилцож, тодорхой шийдвэрүүдийг гаргасан байна.

Тухайлбал, дүүргийн прокурорын газраас санаачлан зохион байгуулж буй “Эв эе” аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үе шаттай нөлөөллийн ажлуудыг хамтран зохион байгуулахаар төлөвлөж, үр дүнг тооцож ажиллахаар болжээ.