Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг чангаруулсан хуулийн заалт энэ оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн.
Тодруулбал, Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл өмнө нь согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн уг зөрчлийг дахин гаргавал эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр болсон.
Багануур дүүргийн хэмжээнд 2023 онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан хүн дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 115 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2024 оны найман сарын байдлаар 12 хэрэг гарч, 90 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Тус дүүргийн прокурорын газраас дээрх 12 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээс хэргийн холбогдогч нарын жолоодох эрхийг 1-3 жилээр хасаж, торгох, хорих зэрэг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хариуцлагыг оногдуулж шийдвэрлэжээ.
ЭРҮҮГИЙН ХУУЛЬ
27.10 дугаар зүйл.Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих
5.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар